НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 82 дугаар чуулган 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы хүрээнд 4 дүгээр сарын 23-ны өдөр шар шороон шуурганы асуудлаарх тусгай арга хэмжээ болж, бүс нутгийн орнууд байгалийн энэ гамшгийн эсрэг хүчээ нэгтгэх шинэ санаачилгыг албан ёсоор эхлүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улс, НҮБ болон "Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар" хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын байгууллагуудын гаргасан тайлангаар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал шахуу хувь буюу 3.8 тэрбум хүн аюултай түвшний тоосжилтод өртөөд байгаа бөгөөд жил бүр агаар мандалд дэгдэж буй 2 тэрбум тонн элс, тоос нь 150 гаруй улс орны иргэдийн эрүүл мэнд, хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болжээ. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас эхтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотуудын агаарын чанарыг ноцтой доройтуулж байгаа нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байгааг илтгэж байна.

Монгол Улсын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд цаг уурын ажиглалтын нэгдсэн тогтолцоотой болох, иргэдэд хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг хүргэх систем хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааг институцийн түвшинд тогтвортой бэхжүүлэх гэсэн гурван гол чиглэлийг санал болголоо. Энэхүү чухал санаачилгыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын (COP17) үеэр дэлхий нийтэд албан ёсоор танилцуулахаар талууд тогтсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа